ID : 5 Газрын тосны салбарт дотоодын хөрөнгө оруулагч үгүйлэгдэж байна. Өнөөдөр   № ¹166 /444/     2006-08-30
ХАА, байгаль хамгаалал Өгүүлэл

Тэмцэгчид УИХ-ын намрын чуулганыг хүлээж байгаа. "Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн", "Эрс шинэчлэл" хөдөлгөөн хийгээд Монголын ахмадын холбооныхон зуны зугаалга, наадам наргианаа дуусгасан гэдгээ мэдэгдсэн.

Харин Монголын уул уурхайн ассоциаци болон алт, зэс олборлож хайгуул хийдэг томоохон компаниуд тэдний энэ намрын тэмцэлд цучил "нэмж гал дээр нь шар тос асгах"-аар зэхэж байна. Тэд эл тохиролцооноо өнгөрсөн 25, 26-ны өдрүүдэд Нүхт дэх амралтын газар хоёр өдөр чуулсны эцэст хэлэлцэн тогтжээ. Бизнес эрхлэгчдийг гэнэтийн тэмцэлд дуудсан гол шалтгаан бол Гэнэтийн ашгийн албан татвар хийгээд шинээр батлагдсан Ашигт малтмалын тухай хууль юм. Капиталист нийгэмд "Бизнес эрхлэгчдээр бүү оролд" гэсэн алтан дүрэм үйлчилдэг бол манай улсад харин ч эсрэгээр бөгөөд "Тэднийг сайн оролдож бүр уурлуулж халаасанд нь гараа лавхан шургуул" гэсэн дүрэм хуульчлагдсан учраас тэд ийнхүү тэмцэлд босох нь ээ. Гэнэтийн ашгийн албан татвар гэдэг нь нэг фунт зэсийн үнэ 1,18 ам.доллар, нэг унц алтны үнэ 500 ам.доллараас давсан үед алт, зэсийн үнийн өсөлтөөс Засгийн газар 68 хувийн татвар авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, алт зэсийн үнэ дээрх байдлаар фунт, унц бүртээ нэмэгдээд байвал тухайн компанийн ашгийн гуравны хоёр хувийг нь шууд авна гэсэн үг. Тухайлбал, та бууз хийж зардаг байгаад амт сайхан тул өдөрт хоёр жигнүүр биш гурван жигнүүр бууз зардаг болох юм бол татварын байцаагч танаас хоёр жигнүүр буузны үнийг нь шууд авна гэсэн үг. Үүнийг л Гэнэтийн ашгийн албан татвар хэмээн нэрлээд байгаа хэрэг. Харин одоо нэг фунт зэсийн үнэ дөрвөн ам.доллар, унц алт 700 ам.доллар хүрчихээд байна. Гэнэтхэн баталсан Гэнэтийн ашгийн энэ хууль Монголбанкинд орох алтны хэмжээг эрс багасгаж хилээр хууль бусаар давуулах гэсэн сонирхлыг хөөргөдсөнөөс өөр нөлөө одоогоор манай улсад гарсангүй. Улсын хилээр найман кг 300 грамм алт гаргах гээд саяхан баригдсан бол цаашдаа баригдахгүй гарах болно гэсэн үг. Учир нь тэрүүхэн тэнд нь авлига өгдөг болчихно л доо. Сая бол тэр хятадууд авлигаа багадуулчихсан л хэрэг.

Бизнес эрхлэгчдийг ийнхүү сандралд оруулсан татварын огцом өсөлтийг эрх баригчид ард түмэндээ шүлсийг нь гоожтол тайлбарлаж байгаа. "Уул уурхайн компаниудаас авах тэр мөнгөөр залуу гэр бүлд 500, шинэ төрсөн хүүхэд бүрт 100 мянга гээд л бөөн бөөн мөнгө өгөхийн тулд баталсан юм шүү" хэмээн УИХ-ын даргаасаа эхлэн үлгэр ярьсаар. Мэдлэг нимгэн мөхөс түмэн түүнийг нь "зөв зөв" хэмээн алгаа таших.

Угаасаа өөрөө өмчгүй, хийсэн ажилгүй хүмүүс бусдын халааснааас тэжээгдэж амьдрах дуртай тул тэднийг буруутгах арга олдохгүй л дээ. Гэхдээ хэдэн хүүхдээ гэдэс цатгалан мөр бүтэн байлгая гээд хоттой хониноосоо өдрийн нэгийг алж идсээр байгаад малаа барж модоо тулах монгол хүн байх уу. Байхгүй ээ. Яг үүнтэй л адилхан. "Айвенхоу майнз" "Алтан дорнод Монгол", "Бороо гоулд"-аас их хэмжээний татвар авлаа гээд долоон буудлын Долгор чавганц машинтай болж тэрэгч Лувсан нисдэг тэрэг унаж амьдрал нь сайжрахгүй ээ. Харин Монголын төрд шигсэн авлигачдын гүзээ томорч халаас нь түнтийнэ. Тиймээс улсынхаа төсөвт хэдэн төгрөг оруулж буй ашигт малтмалын компаниудаа Гэнэтийн ашгийн албан татвар хэмээх дүүжлүүрт цааш нь харуулчихаад дараа нь төсвөө хэрхэн бүрдүүлж цалингаа яаж тавих вэ хэмээн тархиа гашилгах хэрэг байна уу.

"Даарин дээр нь давс үрэв” гэгчээр Ашигт малтмал ашигласны төлбөр тогтоох болон бусад хуулиуддаа хэт нэг талыг барьсан үзэгдэл Латин Америк, Африкийн орнууд болон Индонезид хүчтэй илэрдэг бөгөөд Венесуэл газрын тосны салбараа төрийн мэдэлд авахаар заналхийлж, Болив байгалийн хийн үйлдвэрээ булаан авсан бол Перу уул уурхайн салбартаа өндөр рояалт тогтоохоор хэлэлцэж байгаа. Гэтэл Төв Азийн хоцрогдсон Монгол Улс бас нэмэгдлээ" энэ тэр гээд л дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд (dfrancis@nationalpost.mn, www.mineweb.net) хараах зүхэхийг хослуулан хавар зуны зургаан сарыг үдэв байна. Мөн албан бус эх сурвалжийн мэдээллээр бол манай улсыг дээрх хуулиудаа эргэн харахыг Мянганы сорилтын сан, Дэлхийн банкны ивээн тэтгэж буй Ашигт малтмалын салбарын Ил Тод байх төслийнхөн эелдгээр анхааруулж. Мэдээж тэд "ингэхгүй бол тэгнэ, тэгэхгүй бол ингэнэ" хэмээн илт заналхийлдэггүй. Зүгээр л мөнгөө өгөхөө байчихдаг юм. Бас зарим нь Монгол Оросын хамтарсан уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийн гадагшаа гаргаж буй их хэмжээний мөнгөнөөс ахиухан татвар авахын тулд уг хуулийг баталсан л гэх юм. Энэ хуулийг нь баталсны маргааш нь Улаанбаатар хотын цахилгааныг тасалж түнэр харанхуй нөмөргөж орос ах нар "хариу” өгсөн гэнэ. Яаралтай хэл, ул болсны хүчинд IҮ цахилгаан станцад гэмтэл гарсан нэрийдлээр хаацайлж Хотын мэр, Түлш эрчим хүчний сайд хоёр нүүрээ "ширлээд” гарсан хэмээн арай худал хэлэхээргүй эх сурвалж мэдээлж л байна.

ХҮII зууны үеийн Франц элгээрээ хэвтүүлсэн эдийн засгаа хөл дээр нь босгох гэж янз бүрээр үзсэн гэдэг. Татвараа нэмж, хасч, уралдаан зарлаж зүсэн зүйлээр оролдсоны эцэст төр, засгийн бие муудаж% тэнхээ доройтжээ. Тэгээд бизнес эрхлэгчдээ цуглуулаад "Одоо яах вэ" гэтэл "Биднийг зүгээр л орхичих" гэжээ. Төрийн оролцоо багасаад ирмэгц элгээрээ мөлхөж байсан эдийн засаг нь бүр далавч ургуулан ниссэн байна. Итгэхгүй байгаа бол Айн Рэндийн "Капитализмийг өмөөрөх нь" номыг сөхөөд үзээрэй. Манай эрх баригчдын паян бултаараа тэнд бий дэг шүү.

 

Огноо : 2006-08-30               Нийтлэгч : Г.Жаргал                            
ID Гарчиг Сонин Төрөл Сэдэв Нийтлэгч Огноо
Мэдээлэл | Дээшээ
28 Монголд хэн жаргалтай байх ёстой вэ? Өнөөдөр Нийтлэл Нийгэм, эдийн засаг Ц.Жаргал, А.Зориг 2006-09-06
15 Хууль үгүйлэх нинжа Өнөөдөр Нийтлэл Хууль эрх зүй Н.Сарангэрэл 2006-09-02
14 Иракаас цэргээ яаралтай татъя Өнөөдөр Өгүүлэл Гадаад бодлого, батлан хамгаалах Д.Заяабат 2006-09-01
6 Yндэсний хєгжлийн цогц бодлого: ТАНЫ САНАЛ Өнөөдөр хэлэлцүүлэг Гадаад бодлого, батлан хамгаалах Н.Энхбаяр 2006-08-30
7 Гажуудалтай хуулиуд Өнөөдөр Нийтлэл Хууль эрх зүй Засгийн газрын хэрэгжvvлэгч агентлаг-Уди 2006-08-29
8 Хvн тєрєлхтєний хєгжил Монгол орон Өнөөдөр Өгүүлэл Нийгэм, эдийн засаг 2006-08-29
9 Уул уурхайн салбарынхан хилэгнэж мэдэх нь Өнөөдөр Өгүүлэл ХАА, байгаль хамгаалал Л.Мөнхбаясгалан 2006-08-29
10 Хүчгүй төр намрын хяруунд ганхах вий Өнөөдөр Нийтлэл Улс төр, сонгууль, хэвлэл мэдээлэл П.Баттулга 2006-08-26
өмнөх 1 дараах