ID : 28 Монголд хэн жаргалтай байх ёстой вэ? Өнөөдөр   № 209 /2863/     2006-09-06
Нийгэм, эдийн засаг Нийтлэл

Авлигатай нийтээрээ тэмцье

Улсын цөм болсон үндэстэн, ястан оршин буй цагт тэдгээр үндэстний хэв шинж хөгжин өөрчлөгдөж байдаг. Энэхүү хэв шинжид орхиж хаях ёстой зүйл байхаас гадна, ард иргэн олноор өвлөн авч бэхжүүлэн үлгэр дуурайл болгож, үеийн үед баяжуулан хөгжүүлэх ёстой нь ч бас байх.

Их Монгол Улс байгуулсны 800 жилийн ой нь монголчуудын дээд өвгийнхний шударга, үнэнч, хүн ардаа гэсэн сайхан сэтгэл, хөдөлмөрч хатуужилтай хэв шинжит чанарыг монгол түмэнд өвлүүлж, бэхжүүлэхэд эергээр нөлөөлсөн, өгөөж ихтэй, сайхан болж байна.

Монгол үндэстнийг тодорхойлдог нар мэт гийх олон хэв шинж дотроос зочломтгой зан, бодь сэтгэл, үнэнч сайхан санааг гаднынхан нэгэн дуугаар хэлж ярьдаг.

Монголчуудын зочломтгой найрсаг зангийн илрэх нэг хэлбэр нь бэлэг. Монголчууд баяр, ёслолын өдөр харилцан бэлэг гардуулахаас гадна хол, ойроос ирэгсэд ээж, аав, эхнэр, хүүхэд, ах дүү, анд нөхдөдөө гэхчлэн бэлэг сэлт базаах учиртай нь уламжлалт заншил юм. Харин сүүлийн үед шинэхэн танилцсан эрхэм хүндээ хурдан хүлэг морио бэлэглэн цулбуур гардуулж, сэтгэлээ илэрхийлэх ёс газар авсан. Энэ ёс заншил, зан үйл Цагаан сараар их хурц, эмзэг байдлаар илэрдэг. Бэлэгнээс татгалзахыг бэлэг барьсан хүнийг доромжилсон хэрэг гэж үзэх, мөн бэлгийн морины шүдийг үздэггүй хэмээн ёсорхож, “бичигдээгүй хуулийг” хэлэн өөрийгөө хуурах.

Энэхүү бэлэг өгөх, авах уламжлалт ёсыг гаднынхан эвтэйхэн ашиглаж, их зүйл амжуулж байх мэт. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг дарга Пүрэвжал сумын баяр наадмаа Хятадын компаниар ивээн тэтгүүлж, лунжгар бай, шагналтай, өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн, дараа нь энэ дарга Шанхай хотод уригдан зугаалж яваа сурагтай гэх зарим Засаг дарга “атаархмаар” саарал мэдээ, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Буянтогтох Улаанбаатарт хаус барилаа, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга Ганболд аж ахуйдаа техник хэрэгсэл бэлгэнд авлаа, Дулаанхаан тосгоны Захирагч жийп унаж, 15 сая төгрөгийн хандиваар тосгоны наадмаа сайхан тэмдэглэв гэхчлэн сонинд гарсан нь дандаа гаднынхантай, газар шороотой, гарын бэлэгтэй холбоотой мэдээ мэдээлэл байх юм.

Тэр ч байтугай газрын хэвлийдээ баялагтай сумын дарга болж төрөөгүй тавиландаа гоморхох атаархуу нэгэн Засаг даргатай тааралдсан нь бэлэг авах асуудал нийгмийн, тэр дотроо дарга нарын маань “дон” болж хувирсныг үзүүлнэ.

Юуг хандив, юуг хахууль гэх, авах бэлэг нь авлига, өргөх хандив нь хахууль болж хувирах торгон зааг, худалдагдах, худалдан авах эгшин хаагуур яаж тохиодог юм бол. Авлига гэхийг коррупц гэх, эсхүл хахтал нь цутгаж, хэвлий гэдсэнд нь хөлөглөн суух гэсэн утгаар хээл хахууль гэж нэрлэх нь зүйтэй гэх хүн ч байна.

Хандив өгдөг орнуудын чуулга уулзалт гэх төр улсын төвшний арга хэмжээнээс эхлээд цэцэрлэг, яслийн хүрээний бэлэг сэлт, мөнгөн тусламж лав хандив бололтой. Учир нь сургууль. цэцэрлэг өөрөө мөнгө нэхэх хориотой, бэлэг өгвөл хорих аргагүй гэж эцэг эхийн гомдолд хариу тавин мэдэгдэх төрийн түшмэлийн телевиз, радиогийн мэдэгдэл албан ёсных байж таарна.

Тэгвэл албан тушаалаа ашиглан бариа, зөрөөн дээр авч, өгдөг бэлэг бол яах аргагүй авлига, хээл хахууль болохыг гаалийн Баатар, Богд хан уулын Түмэнхүүгийн гэх дарга нарын хэрэг гэрчилнэ. Yнэхээр буян санасан тусч цагаан сэтгэлийн өглөг, хандив, түрлэгийг авахгүй гэх, өгүүлэхгүй гэж хорих хэцүү гэх. Харин аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ байх жам ёсны тойргоор эх орны баялаг, элдэв мөнгө төгрөгтэй төсөл, өм цөм авах эрх мэдлийг өвдөг сөгдүүлэн эзэмших бэлэг өгөгчийн ааш араншинг яалтай вэ.

Ажилд ороход бэлэг өгнө, ажилд орчихоод бэлэг авна гэсэн ойлголт төрийн байгууллагаас аваад жирийн үйлдвэрт жишиг болон тогтжээ. Орон даяараа, хүн ардаараа, хүүхэд хөгшидгүй бэлэг өгч, авалцах энэхүү үзэгдэл, авлига Монголын уудам хээр талаар хот хөдөөгүй хэрж, тархаж гүйцлээ гэж сонин хэвлэлээр шуугина

Авлига, хээл хахууль нь төр ард түмнийхээ төлөө гэсэн ганц үзүүрт сэтгэл зүрхтэй байх учиртай төр, засгийн тэргүүнд өргөн барих хэмжээний зүрх зоригтой болж өндөр авсан, эх орныхоо газар шороо, эрдэнэс баялгийн төлөө гэсэн сэтгэлтэй жирийн иргэнийг уруу татах, өргөн хүрээтэй болсныг дараах хоёр жишээ илтгэнэ.

Эхнийх нь Ерөнхий сайд Н.Энхбаярт 500 сая төгрөг өгөх гэсэн оролдлого, нөгөөх нь Төмөртэйн уулнаас төмрийн хүдэр тээвэрлэхэд саад хийсэн “Миний Монголын газар шороо” хөдөлгөөнд 25 сая төгрөг өгсөн асуудал.

Хэвлэл мэдээллээс уншиж, сонсож мэдсэнээр хээл хахууль, авлигын эсрэг бодитой тэмцсэн, хамгийн гол нь сайн дураараа илчилж, мэдэгдсэн нь зөвхөн энэ хоёр тохиолдол. Авлигыг мэдээлсэн өөр хэн, хаана байна. Мэдээлээгүй төдийгүй бэлэг гээд авчихсан албан тушаалтан хаана хэд байгаа бол.
Н.Энхбаяр сайд авилгын тухай ил тод мэдээлснээр буруудаж, огцрохдоо хүрч тэвдсэн бол иргэний хөдөлгөөнд өгсөн 23 сая төгрөгийн авлига нь “хандив” болон хувирсан нь нэн марзан хэрэг. Авлига өгсөн “Төмөртэйн хүдэр” ХХК нь Төрийн сангаас 23 сая төгрөгөө буцааж авахаар болсон төдийгүй авлигыг нь Төрийн санд тушаасан шударга иргэдтэй хариуцлага тооцож, тэд 23 сая төгрөгийн ханхайд унасан тухай яриа байна.

Төмрийн ордын луйвартай холилдсон авлигын энэ хэрэг Гаалийн Баатар, Богд хан уулын Түмэнхүү гэх дарга нарын хэргээс ч илүүтэй анхаарал татаж, хэрхэн шийдэхийг хүн ардаараа ажиглан харах болжээ. Шүүх, цагдаа уг авлигыг хандив болгон шийдвэрлэвэл авлигын эсрэг бүх нийтийн тэмцлийн эхлэл ч гэж үзэж болохоор иргэдийн санаа, санаачилга дээр ус хийх ба шударга байсныхаа төлөө иргэний хөдөлгөөн цээрлэл шийтгэл хүлээх, авлигыг “хандив” гэж ойлгож аваагүйдээ харамсан гашуудаж, төр улсдаа итгэх итгэлгүй болно.

Ингэх нь туйлын хор уршигтай. Yүний дараа шударга зам гаргах аавын хүү, ээжийн охин олдох болов уу. Ингэснээр муу болгон огшин омогшиж, авлига Монголын нийгэмд жирийн үзэгдэл болж, монгол үндэстний хэв шинжит төрхөөр тогтношин, эх орон, ард түмний төлөө гэх нэг ч ариун зүйлгүй болж, төрийн зүтгэлтэн нь авлигын төлөө засаг барьж, жирийн иргэд нь ч авлигын хуваарилалтын төлөө тэмцэгч нар болж таарах нь.

Газар шороо, шударга ёсны төлөө тэмцэл зүтгэл ердөө бизнес болон хувирч, авлигын хуваарилалтын төлөө тэмцэл гэж ойлгогдож эхлэх ба ийм ч болж хувирах аж.
Монголчууд төр, иргэнийхээ төлөө тэмцэж, гадуурхагдаж, зовж, жаргаж явсан олон хүн, төрийн олон зүтгэлтнийг төрүүлсэн ард түмэн. Yүнийг 800 жилийн тэртээгээс хайх хэрэггүй. Зарим зүйлийг өнөөгийн нөлөөт толинд харах гээд үзье.

Хөл хүндтэй авааль эхнэрээ айлд үлдээж, гал түлсэн ариун голомт гэрээ заран зардал хийж, Орос улсаас тусламж хүсэхээр одсон гал цогтой жанжин Д.Сүхбаатарыг ганзагын наймаа хийхээр явсан байх гэх хүн гарахгүй. Yнэхээр ч “Бүх нийтээр чин сэтгэлийг барин хөдөлвөөс мэдэхгүй, чадахгүй гэх зүйл үгүй болж, цэнгэлийн манлайд хүрч болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” гэдгийг тэрээр өөрөө үлгэрлэн, өөрийн амьдралаар харуулсныг түүх гэрчилнэ.

Монголын төрийн нэрт зүтгэлтэн, мохошгүй зоригт Хатанбаатар нэрээр алдаршсан Магсаржав гуай байна. Батлан хамгаалахын сайд асан, ард түмний баатар Хатанбаатар Магсаржавын ар гэр өр зээлэнд баригдсан, Ардын Засгийн газраас өрийг төлж барагдуулсныг өнөө цагийн өнгөн дээр амьжиргаагүй, заль жавхаагүй гэж өөчлөн буруутгах шударга сэтгэлтэн олдохгүй биз.

Монгол түмэн, Монгол төрийнхөө төлөө “Алд бие маань алжаавал алжаасугай, ахуй төр минь бүү алдартугай” гэсэн, тэмцсээр нисэж одсон хол ойрын олон жишээг дурдаж болно. Ийм үлгэр жишээ, үнэнхүү чин сэтгэлт төрийн түшээ, албан хаагч, иргэн Монголын төр, нийгэмд өнөөдөр ч цөөнгүй.
Гэтэл ад чөтгөрийн хорлол ч дийлэхээргүй мэт загнаж, жирийн шударга иргэнийг айлган сандрааж, төрийн ажлыг унагаан, байшин хаус бариулан, бандгар жийп унаж, гадаад дотоодгүй галгиулж явах нэгэн бас тааралдана.

Тэдний зарим нь аймаг, сумандаа биеэ сойн хагсарч, Их хурлын ирэх сонгуульд өрсөлдөхөө ил тод мэдэгдэж, үүгээр түүгээр сүлжилдэн давхих нь хууль тогтоох төрийн дээд байгууллагаа “их авлигачдаас бүрдэх вий” гэсэн айдас хүйдсийг ард иргэдэд төрүүлнэ. Хөндлөнгөөс ичиж, хүний өмнөөс зовох ардын сэтгэл юутай эгэл юм бэ. Yүнээс уламжлан авлига гэдэг айхтар гинжин урвал шат ахин мөлхөж, мөр даран гишгэн одсон аварга том цац суварга мэт байдлаар сэтгэгдэн, нийгэмд айдас хүйдэс үүсгэж, төрдөө итгэх ардын итгэл зүтгэл алга болж болзошгүй.

“Ардыг тэтгэх хүчингүй төрийн түшээ бусдын боол, айлыг тэжээх хүчингүй аавын үр хүний чөтгөр” гэдэг юутай үнэн. Идэр залуус хилийн чанад руу одсоор, эх нутагтаа байгаа нь ажилгүй, мөн л гаднынханд алга хавсран ажил гуйж очно. Төрийн түшээд нь сонгуульд өрсөлдөхдөө ард иргэдээ гадаадад цагаачлуулна гэхчлэн амлах нь гаднынханд хачин жигтэй сэтгэгдэл төрүүлж буй нь лавтай.

Yүний оронд, үнэ төлбөргүй сургууль байгуулна, улс үндэстнээ ядуурлаас аварна, дэглэм журам тогтооно, “дээдэс” болж ард түмний төлөө зүтгэнэ, дэлхийн хэмжээний томоохон үйлдвэр комбинат байгуулна, дэргэд тань ажлын байр бий болгоно, гадаад оронд очиж боолын хөдөлмөр бүү эрхэл, ганцхан заяасан эх орондоо амгалан тайвнаар эзэн хүн шиг ажиллана, энгэрээ түнтийтэл цалин хөлс авч, элбэг дэлбэг хангалуун амьдрах болно гэж амлахсан.

Төр ёс самуурч, сургаал, суртал суларч, түмнийхээ хүслийг хөсөр гишгэж, төрийн буулгыг балчигт орхисон дүр зураг Монголын нийгэмд түр зуурынх байх учиртай. Зарим улстөрч авлигатай тэмцэхэд “улс төрийн эр зориг” гаргах хэрэгтэй гэж мэдэмхийрэх. “Улс төрийн эр зориг” гаргах гээд сууж байтал хүн ард нь гадна, дотнын авлигачдын хөлд гишгэгдэж, тав арван төгрөгний төлөө оюун санаа, бие бялдар, аль байдаг бүхнээ боолчлуулан, эх нутагтаа түмэн багц хүжсийг шатаавч үл дарагдах өмхий балчигт энэлэн тэлчлэхийг улстөрчдийн маань билгийн мэлмий толилдог баймаар.

Авлигачдыг нам, номоор нь ангилах аргагүй. Болохгүй бүтэхгүй талаараа олонд мэдэгдээд, танигдаад ирсэн, итгэл даагаагүй боловсон хүчинтэйгээ хариуцлага тооцоод солих тухай санаачилга гаргасан аль ч намыг ард иргэд харин ч эрүүл саруул нам байна гэцгээн элэг тавин найрсан угтах нь ойлгомжтой юм. Аль ч юманд алдах онох бий, тэр тусмаа цээжээ дэлдээд “Би сайн” гээд босоод ирдэг боловсон хүчний бодлого, сонголт дээр 100 хувь онох боломжгүй нь тодорхой.

“Мөнгө аз жаргалын түлхүүр ээ” гэж бүх нийтээрээ дуулж, тахилзан бүжиглэх нь бидний зорих чиглэл, зөв зам мөр яавч биш. Энэ нь ая дан таарсан сайхан дуу байж болох ч урлаг соёлын одод, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хэлэх үг, дуулах дуу, үзүүлэх нэвтрүүлгийнхээ нийгэмд үзүүлэх нөлөөг бодолцож баймаар.

Аз жаргалын жинхэнэ түлхүүр болсон, ард түмэнд хүртээлтэй арга зам эх оронд маань элбэг, дэлбэг байж л байгаа, гэгээлэг, гэрэлтэй зүйлээр оюун санаа, мэдээллийн орон зайгаа дүүргэн, маргаашийн төлөө амьдарцгаах нь бидний ирээдүй үедээ үлдээх их өв.

Хэн авлигын эсрэг тэмцэх вэ. Бүх нийтээрээ, иргэн бүр авлигатай тэмцэх учиртай. Энэ тэмцэл Төмөртэй уулаас төмрийн хүдрийг түүхийгээр тээвэрлэхийн эсрэг тэмцсэн иргэний хөдөлгөөн 23 сая төгрөгийн авлигыг илчилснээр эхлэх шиг.

“Элс бут багшралдсан
Эвгүй муухай зам байна
Алив найз минь наашаа суу
Ингээд хоёулаа замд гаръя” гэж эхэлдэг “Орост хэн жаргалтай вэ” найраглалыг хүн бүр мэднэ.
“Монголд хэн жаргалтай байх ёстой вэ” гэж асуувал, хэн хүнгүй “Монголчууд бид Монголдоо жаргалтай байх учиртай юмсан” гэцгээнэ.

Энэ жаргалын төлөө, авлигын эсрэг, авлигачдаас өөрсдийгөө, үр хүүхдээ, хойч үеийнхээ гэрэл гэгээтэй амьдралыг хамгаалах аян замд бүх нийтээрээ хамт гарцгаая.

Огноо : 2006-09-06               Нийтлэгч : Ц.Жаргал, А.Зориг                            
ID Гарчиг Сонин Төрөл Сэдэв Нийтлэгч Огноо
Мэдээлэл | Дээшээ
15 Хууль үгүйлэх нинжа Өнөөдөр Нийтлэл Хууль эрх зүй Н.Сарангэрэл 2006-09-02
14 Иракаас цэргээ яаралтай татъя Өнөөдөр Өгүүлэл Гадаад бодлого, батлан хамгаалах Д.Заяабат 2006-09-01
5 Газрын тосны салбарт дотоодын хөрөнгө оруулагч үгүйлэгдэж байна. Өнөөдөр Өгүүлэл ХАА, байгаль хамгаалал Г.Жаргал 2006-08-30
6 Yндэсний хєгжлийн цогц бодлого: ТАНЫ САНАЛ Өнөөдөр хэлэлцүүлэг Гадаад бодлого, батлан хамгаалах Н.Энхбаяр 2006-08-30
7 Гажуудалтай хуулиуд Өнөөдөр Нийтлэл Хууль эрх зүй Засгийн газрын хэрэгжvvлэгч агентлаг-Уди 2006-08-29
8 Хvн тєрєлхтєний хєгжил Монгол орон Өнөөдөр Өгүүлэл Нийгэм, эдийн засаг 2006-08-29
9 Уул уурхайн салбарынхан хилэгнэж мэдэх нь Өнөөдөр Өгүүлэл ХАА, байгаль хамгаалал Л.Мөнхбаясгалан 2006-08-29
10 Хүчгүй төр намрын хяруунд ганхах вий Өнөөдөр Нийтлэл Улс төр, сонгууль, хэвлэл мэдээлэл П.Баттулга 2006-08-26
өмнөх 1 дараах