|
(Зарим төсөөлөл) Дэлхийн аж үйлдвэрийн их хувьсгал хөдөлмөрийн бүтээмжийг дөрөв дахин, арав дахин, сүүлдээ 20 дахин нэмэгдүүллээ. Эдийн засгийн энэ их үсрэлт дэлхий дахинд үр шимээ тэгш хүртээх боломжгүй. Тиймдээ ч 1970-аад оны эхээр хамгийн баян орнууд, хамгийн ядуу орнуудын орлогын зөрүү 30 дахин их байсан бол 2001 онд 74 дахин болж өссөн судалгаа байна. Саятан, тэрбумтны тоо өсөхийн хэрээр үгээгүй ядуусын тоо мөн өсч, 1990-ээд оноос хойшхи 10 гаран жилд ядуусын тоо 10 саяар нэмэгджээ. Гэтэл энэ хугацаанд дэлхий дахины жилийн дундаж орлого 2.5 хувиар өссөн байна. Энэ их өсөлт дунд манай тив ямар жин дарах бол? Манай энэ зуун "Азийн зуун" байх нь улам бүр илэрхий болж байна. Дорно, өмнөд хоёр ололт амжилтаа идэвхтэй зөв ашиглаж Энэтхэгийн Бангалороор төвлөрсөн мэдлэгийн оюун ухааны гол төвөө байгуулах болов уу. Малайз, Бразилийн хүч өснө. Гэвч даян дэлхий аж үйлдвэржих баримжаагаа Хятад, Энэтхэгээр баримжаалах биз ээ. Хятад нь ДНБ-ээрээ дэлхийд 2 дугаар байрт гарч ирж байна. Харин энэ өсөлтийн геополитикийн үр дагавар нь ХХ зуунд Герман хэрхэн өсч дэвжиж ирсэнтэй яг адил хэлбэрээр явагдах болно. Хятадын өсөлт тус орныг дэлхийд зэс, төмрийн хүдэр, хөнгөн цагаан, цагаан алтны хэрэглээгээр тэргүүн байрт гаргаж, түүхий эдийн их эрэлд гарах биз. Хятад руу төмрийн хаягдал экспортлохыг АНУ зогсооно. Шинэ зуун санхүү-эдийн засгийн олон үзүүлэлтээр "Азийнхныг” дээш нь гаргаж ирнэ. 2005 оны статистикийн мэдээгээр дэлхийн хамгийн их валютын нөөцтэй гурван улс – Японд 826.8 тэрбум, Хятадад 691 тэрбум, Тайваньд 263.6 тэрбум ам. доллар валютын нөөцөд нь хуримтлагдсан байх бөгөөд хэрэв энд бичигдсэн "Хоёр Хятад"-ын нөөцийг нэмбэл Японыхоос давж, 954.6 тэрбум болж дэлхийд тэргүүлэх боломжтой болж байна. Энэ нүцгэн тоо цаанаа нэг юм хэлэх шиг. Алт болон валютын нөөцтэйн хувьд Япон, Хятад, Тайвань, Өмнөд Солонгос Азидаа байтугай дэлхийд тэргүүлж, дэлхийн гэдэггүй юмаа гэхэд Азийн валютын бодлого, цаашдын төлөв энэ дөрвөөс ихээхэн шалтгаалах болж байна. Ийм их мөнгийг хаана юунд эргэлдүүлэх ёстой вэ? Шинэ зуун санхүү-эдийн засгийн олон үзүүлэлтээр "Азийнхныг” дээш нь гаргаж ирнэ. 2005 оны статистикийн мэдээгээр дэлхийн хамгийн их валютын нөөцтэй гурван улс – Японд 826.8 тэрбум, Хятадад 691 тэрбум, Тайваньд 263.6 тэрбум ам. доллар валютын нөөцөд нь хуримтлагдсан байх бөгөөд хэрэв энд бичигдсэн "Хоёр Хятад"-ын нөөцийг нэмбэл Японыхоос давж, 954.6 тэрбум болж дэлхийд тэргүүлэх боломжтой болж байна. Энэ нүцгэн тоо цаанаа нэг юм хэлэх шиг. Алт болон валютын нөөцтэйн хувьд Япон, Хятад, Тайвань, Өмнөд Солонгос Азидаа байтугай дэлхийд тэргүүлж, дэлхийн гэдэггүй юмаа гэхэд Азийн валютын бодлого, цаашдын төлөв энэ дөрвөөс ихээхэн шалтгаалах болж байна. Ийм их мөнгийг хаана юунд эргэлдүүлэх ёстой вэ? Бидний мэдэх "АСЕАН+Гурав" буюу нэр бүхий 10 улс, түүн дээр Тайвань нэмэгдвэл, цаана нь Энэтхэгийг нөөцөнд авлаа гэхэд нийт Азийн хэмжээний Олон улсын валютын сан бэлээхэн бидний дэргэд, хажууд де-факто байж байгаа хэрэг, ирээдүйд "Азийн ОУВС" үүсэх тухайд холын зай байхгүй. Өөрөөр хэлбэл де-юре ОУВС-гийн Азийн загвар бүрдэх нь бараг дөхөөд байгаа бус уу гэдэг асуултыг барууны эдийн засагчид гайхшран тавих болжээ. 2005 оны байдлаар зөвхөн "АСЕАН +3"-ын 10 улсын валютын нөөц 2.5 триллион ам. доллараас даваад байгаа тохиолдолд ер нь заавал АНУ, европынхны валютын шахаанд орж байх ёстой гэж, энэ нүцгэн тоо гэхэд л Тайвань, Энэтхэгийг оролцуулахгүйгээр манай дэлхий дээрх нийт алтан валютын нөөцийн гуравны хоёр нь байж байна. "Inter Asian Currency"-ыг ойрын хэдэн жил эрчтэй ярих болов. Азийн санхүүгийн том төвүүдэд, улс төр, бизнес, судлаачдын хүрээлэлд Европын холбооны нэгдсэн мөнгөн тэмдэгт-Еврог жишээлэн Азийнхан хэтдээ ийм төлбөрийн хэрэгсэлтэй болох санаа хэлэлцүүлэг маягтай Азийн орнуудаар хэзээ хэрэгжихийг одоогоор таашгүй. Африкчууд 2028 он гэхэд нэгдсэн мөнгөн тэмдэгтэй болохоо зарлаад байгаагаас лав ө рсөж, хамаагүй наана нэгэн шинэ нэгдсэн мөнгөн дэвсгэрт Азид гүйж эхэлнэ. Хятадын юань Азийн мөнгө болох мөч ойрхон байгааг өнөөдөр дэлхийн эдийн засагчид хэдийнэ таамаглажээ. Азийн нэгдсэн мөнгөн тэмдэгт гарч ирлээ гэхэд хамгийн хүчтэй эдийн засагтай, хамгийн хүчтэй валюттай, хамгийн их нөөцтэй тэр л улсын жин нөлөө, хүчин зүйлийг харгалзах нь гарцаагүй. Тэртэй тэргүй 2010 оноос цааш дэлхийн хамгийн том эдийн засаг (Хятад) болж буй тэр улсын мөнгөн тэмдэгт – энэхүү юань гэгчээр "Inter Asian Currency" хийе гэсэн санаа илт цухалзаж байгаа нь Азийн санхүүгийн хямралын үед юань чангарсан, одоо чөлөөтэй хөрвөх замдаа яваа энэ түүх нэгийг хэлж нотлох шиг. Хэтдээ азийнхан нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болох тухайд, "Азийн ОУВС" шиг орон зай цаг хугацааны хүчин зүйл л үлджээ. Хятадын ба хятадуудын (Хятад + Тайвань, Сингапур, Хонконг, Макао) эдийн засаг хүчээ авлаа гэхэд лав Зүүн Азиас АНУ шахагдаж, түүний холбоотон Япон сондгойрон үлдэх тухайд олон таавар хэрэггүй. Бараг тэр үйл явц эхэлчихээд байна. 2005 оны сүүлчээр Куала Лумпурт явагдах Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад АНУ-ыг урихгүй байхаар Японоос бусад нь шийдвэрлэсэн нь үүний нотолгоо мэт. Японы саналаар энэ чухал уулзалтад АНУ-ыг урихаар асуудал босч ирмэгц Хятад улайран эсэргүүцсээр хасуулсан нь Хятадын алс хэтийн, холын стратеги цухалзав. Энэ байдлаараа бол "Хятад + АСЕАН" гэсэн тусдаа шинэ бүлэглэлээр АНУ-ыг шахах нь тодорхой байна. Ийнхүү АСЕАН-ы 10 гишүүн улс, мөн Япон, Хятад, БНСУ, Энэтхэг, Австрали, Шинэ Зеланд оролцсон эдийн засгийн асар том орон зай үүсч байгаа нь дэлхий дахины хувьд, дэлхийн эдийн засгийн хувьд томхон тэмдэглэлт үйл явдал болно. Бүс нутагчлах, интеграцичлах үйл явц дэлхийн бүх хэсэгт өрнөх боловч Азид түлхүү өрнөх төлөвтэй. "Чианг Май Санаачилга" (Chiang Mai Initiative) форумыг "АСЕАН +3" бүлгийн орнууд 2000 оны 5 дугаар сард анхлан санаачилжээ. Тайландын Чианг Май хотноо болсон хурлаар уг форумыг үндэслэсэн тул хотын нэрээрээ "Чианг Май Санаачилга" гэж хэвшжээ. Энэ нь дээр дурдсан ОУВС-гийн бүс нутгийн жижигрүүлсэн хувилбар маягтай, Азийн орнуудын санхүүгийн аюулгүй байдлыг хангах зорилготой санхүүгийн байгууллага байхаар төлөвлөжээ. Энэ үйл явц цаашаа өрнөж "Азийн ОУВС" бий болно. Малайзын Лангкави аралд 1995 онд Ерөнхий сайдынх нь санаачилгаар хөгжиж буй орнуудын олон улсын анхны уулзалт болсноор Лангкавийн олон улсын түншлэлийн яриа хэлэлцээний форум үүсч, 1995-2000 онд жил бүр ийм уулзалт Лангкавид явагдаж, 2001 оны уулзалтыг Угандад Африк, Карибын хэсэг орныг оролцуулан "Хамтын нөхөрлөлийн орнуудын Технологийн менежментийн түншлэл" гэдэг форумтай хамтруулан хийснээс үүдэн Лангкавийн гэж нэрлэгдэхээ больж, Ухаалаг түншлэлийн олон улсын яриа хэлэлцээ гэж нэрлэгджээ. Азийн эдийн засгийн энэ их хөгжил, Азийн улс орнууд хүчиндээ улам бүр эрдэж байгаа нь дэлхийн эдийн засаг ба олон улсын бодлогыг дор хаяж гурван янзаар үймүүлэх аж. Нэгдүгээрт, эдийн засгийн хөгжил нь Азийн орнуудад цэргийн хүчнээ бэхжүүлэх боломж олгох бөгөөд эдгээр орнуудын хоорондын ирээдүйн харилцаанд итгэхэд бэрх болж, Хүйтэн дайны үед дарагдаастай байсан олон асуудал тэргүүнд тавигдаж, ингэснээрээ бүс нутагт үүсэж болзошгүй мөргөлдөөн, тогтворгүй байдлыг улам дэвэргэнэ. Хоёрдугаарт, эдийн засгийн хөгжил нь азийнхан ба өрнийнхний хооронд, ялангуяа Ази–Америкийн хоорондын зөрчлийг хурцатгах ба энэ тэмцэлд Азийн орнууд ялж гарахаар хүчээ улам дайчилна. Гуравдугаарт, Азийн хамгийн том орны эдийн засгийн өсөлт нь тус улсын бүс нутаг дахь нөлөөг бэхжүүлж, Зүүн Азид уламжлалт жанжлалаа тогтоохоор санаархахад итгэл өгч, бусад орнууд нь ялагчийг аялдан дагаж хавсарга болох, эсвэл хятадын нөлөөг тэнцвэржүүлэх дээр тулах биз ээ. "Project 2020" илтгэлийн талаар " Бангкок Пост" сонинд шинээр зарим таамаг залгаж нийтлэгдсэн юм. Гол утга санаа нь, хэдийгээр 20 орчим жилийн дараа Энэтхэг, Хятад хоёр дэлхийн голлох тоглогчид болох авч зарим талаар Энэтхэг нь Хятадаас илүү нөлөө бүхий гүрэн болох магадлал буй гэнэ. Үүнд дараахи хүчин зүйлс Энэтхэгийн эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө. Үүнд: 1. Энэтхэгийн ажиллах хүч улам нэмэгдэх бол Хятад нь нэг гэр бүл-нэг хүүхэд гэсэн бодлого явуулснаараа хүн амын өсөлт зогсоно. 2. Энэтхэгт ардчиллын институцийг сайн суурилуулсан учир улс төрийн тогтворгүй байдалд хүрэх магадлал харьцангуй бага. Гэтэл Хятадын иргэншсэн, дундаж анги улс төрийн авторитари дэглэмийн талхин дор байхыг хүсэхгүйн улмаас зөрчил гарах магадлал илүүтэй. 3. Энэтхэг нь мэдээллийн технологийн гол чухал салбаруудад хөрөнгийн зах зээл, дэлхийн түвшний компаниудын үзүүлэлтээр Хятадаас давж гарна гэжээ. Нэгэнтээ дэлхийн бодлогод АНУ-Хятад гэсэн тэнхлэгээр хуваарилалт явагдаж байгаа тохиолдолд 2020 он гэхэд "Өрнө-Дорно", "Умард-Өмнөд” гэсэн геополитикийн уламжлалт хуваарилалт огтын ач холбогдолгүй болж, санхүү, эдийн засгийн нягт харилцаа, харилцан хамаарал, телекоммуникациар холбогдсон цоо шинэ мегаполис ертөнц бий болох юм байна. Даяаршил нь "америкжилт” гэсэн ганц утга агуулахгүй, харин даяаршлыг Ази-Хятадын, мөн Бразилийн хөрөнгө давамгайлсан үндэс дамнасан корпорациудын тархалттай холбож үзэх болох нь. АНУ, Япон, Баруун Европ нь энэ эрчээрээ цааш хөгжвөл олон улсын улс төр, санхүүгийн институцид тэргүүлэх байр сууриа хэвээр хадгалах боломжтой гэж "Project 2020" үзэж байна. Даяаршлын үр шимийг нано, био, мэдээллийн технологийг эзэмшсэн тэр л улс орнууд хүртэх бол тэрхүү технологийг нэвтрүүлэхгүй, төрийн ухаалаг менежмент явуулахгүй нэг нь хөгжлөөс арчигдана. Дмитрий Петров. ХХI век станет "веком Азии", prognosis.ru /В мире/, 2005.08.10; Radio Taiwan International, News, 2005/07/06; Chinas’s Power Play in Asia, The Wall Street Journal, 29.07.2005; Samuel P.Huntington. The Clash of Civilizations and the Remaking of World Order, Touchstone Books, London, 1997; Bangkok Post, 19.01.2005 зэрэг эх сурвалжийг ашиглав.
|