ID : 15 Хууль үгүйлэх нинжа Өнөөдөр   № 206 /2860/     2006-09-02
Хууль эрх зүй Нийтлэл

Зураг дээр дарвал бодит хэмжээгээрээ харагдах болно

Хууль бусаар алт олборлогч буюу бидний "өхөөрдөн” нэрлэснээр нинжа нарын тоо сүүлийн зургаан жилд асар хурдацтай өсч, 100 мянгаас хол давжээ. Нэг бүрчлэн, толгой дараалан тоолж гаргасан бус, тойм төдий ч үнэнд нэлээд ойр статистик. Жил дараалан дайрсан ган, зудын уршгаар олон айлын хот харлаж, малчид амьжиргаа залгах эх үүсвэргүй болсон. Yндэсний статистикийн газрын судалгаагаар цаг агаарын тааламжгүй байдлаас сүүлийн жилүүдэд дунджаар 9.7 сая мал хорогдож, 12 мянга гаруй өрх малгүй болсон гэнэ. Нэгэнт малаа барсан тэд хаашаа очих вэ. Хот хүрээ бараадаж, амьдрал залгах аргаа олсон нь цөөн. Олонх нь амь зуухын эрхээр хууль бусаар ашигт малтмал олборлогч болж хувирсан нь бодит үнэн. Тэдэн дээр бүл нэмж зуны гурван сард алт ухаж амьдралаа сайжруулах гэсэн төсвийнхөн, сургалтын төлбөртөө нэмэр хийх зорилготой оюутнууд ирдэг.

Чухам хэн хэчнээнийг олж, амьдрал нь яаж сайжирсныг барин тавин хэлэх аргагүй ч энэ зүг тэмүүлэх хүмүүсийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байгааг бодоход бас ч хоосон суудаггүй бололтой. Сүүлийн жилүүдэд гар аргаар алт олборлохыг дэмжих тухай их ярьдаг болсон. Гэвч үүсэх хамгийн наад захын сөрөг үр дагавар буюу эвдэж сүйтгэсэн газрын хэвлийг нөхөн сэргээх тухай огт дурсахгүй, хариуцдаг байгууллага, албан тушаалтан ч гэж алга.

Зөвхөн нэг аймгийн нутагт олон мянган нинжа газрын хэвлийг эвдэж, хэдэн зуун мянган ухсан нүх үлдээдэг нь үйлдвэрлэлийн аргаар алт олборлосноос багагүй хор уршиг тарьж байгаа. Нинжа нарын гарт өртөж, хэдэн арван метр гүн ухсан нүхээр дүүрч хоцорсон Төв аймгийн Борнуур, Заамар, Жаргалант, Сэргэлэн, Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Баянгол, Шарын гол, Ерөө, Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Овоо, Өлзийт, Галуут, Бөмбөгөр, Баацагаан, Бууцагаан, Баянговь, Баянлиг, Булганы Бүрэгхангай, Дундговийн Өлзийт, Өвөрхангайн Бат-Өлзий, Уянга, Нарийнтээл, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Өмнөговийн Баян-Овоо, Цогт-Овоо, Увс аймгийн Түргэн, Тариалан, Зүүнхангай, Дорноговийн Хатанбулаг гээд харахаас нүд халтирам болсон газар тун олон. Монголд нинжагийн гар хүрээгүй нутаг үлдэхгүй нь.

Аль ашигтай гэсэн рүү зүтгэдэг нь хүмүүний зан. Нинжа нар ганц алт ухдаг ч юм биш. Нүүрс, жонш, үнэт чулуу, чулуужсан мод, барилгын материалын түүхий эд гэх зэргээр мөнгө олж болох бүгд рүү хүрз, жоотуу барин дайрч байна. Зөвхөн нийслэлийн эргэн тойронд элс хайрга олборлодог 229 уурхайнцар байгааг Улсын мэргэжлийн хяналтын газрынхан илрүүлсэн. Эдгээр нь Туул голын сав газарт байрлах бөгөөд үүнээс болж Туулыг ширгээж, тасрах аюулд хүргэсэн тухай шалгалтынхан ярьж байв.

Монголын говьд л байдаг хэмээн гайхуулдаг асан чулуужсан мод мөн л нинжа нарын гараар орж урд хөрш рүү хулгайгаар зөөгдөж дууслаа. Налайх гэж хар алтаар баян газар одоо ямар төрхтэй болж хоцорсныг хүн бүгд мэднэ. Доогуур нь нүхэлж ухсаар байгаад эрүүл газар үлдээгүй. Тэр ч байтугай төмөр замын доогуур хүртэл хөндийлж орхисон юм гэнэ билээ. Тиймээс Налайхад очвол эгээ л тогоруу аятай гишгэхгүй бол доош цөмөрч, тэнгэрт халихад энүүхэнд гэлцдэг.

Нинжа нарыг доорх баялгийг нь хуу хамсан газар нутгаа эргээд унаган төрхөнд нь оруулна гэж хүлээх байтугай, ухсан нүхэндээ шороо дүүргээд битүүлчихнэ гэж найдаад нэмэргүй. Нэгэнт л хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа тул тэднийг хянах, хариуцлага тооцох арга ч байхгүй. Дэмий л цагдаагаар далайлгаж, хөөж туухдаа тухайн орон нутагт оршин суух зөвшөөрөл нэхэхээс хэтрэхгүй.
Нинжа нарын олборлосон ашигт малтмал Монголын төсөвт хүртээлгүй. Учир нь тэд улсад ганц мөнгөний ч татвар төлдөггүй.

Ялангуяа алтны эрэлчдэд олсноо улсад тушаана гэсэн ойлголт үгүй. Тэдний худалдан авагчид нь голдуу гадныхан. Тэр утгаараа хууль бусаар арилжаа хийж, хил давуулах замаар Монголын баялаг гадаадын хэн нэгнийг бэлжүүлж байгаа. Эхэндээ аль нэг компанийн ашиглаад орхисон талбайд, угаасан шороог нь зайлж бага сага алт олдог байсан нинжа нар сүүлийн үед бусдын, хуулийн дагуу авсан лицензтэй газар руу дайрч алт хулгайлдаг болов.

Yүнээс нь болж компанийн хамгаалалтынхан иргэдийн хооронд мөргөлдөөн гарч, хүний амь эрсэдсэн тохиолдол нэг бус гарсан. Ямар ч хамгаалалт, бэхэлгээгүйгээр хэдэн арван метр гүн ухсан нүх рүү аз сорин шургалах нинжа нарын цөөнгүй нь шороонд дарагдан цаг бусаар хорвоог орхидог. Мөн архидалттай, төрсөн ах дүү шиг ижилдсэн болохоор цөөн бус нь хар усны балгаар амиа алдана. Yүн дээр олсон жаахнаа булаалдаж нэгнийгээ хөнөөдөг хэргийг нэмэхээр бидний цөөн монголчуудын хэд нь алтны золиосонд явчихаж байгаа юм бэ дээ.

Нинжа ганц манайд ч байдаг юм биш. Хэт олширч, байгаль экологи, улс орны эдийн засагт хохирол учруулахаар хэмжээнд хүрсэн хойно нь арга хэмжээ авах гэж толгойгоо гашилгаж суугаа нь зөвхөн Монгол байх. Чили, Перу, Вьетнам, Индонез, Кампучи, ӨАБНУ гээд "будаа идчихмээр" хуультай газар хэд хэд байдаг юм гэсэн. Орост Yнэт металл ба үнэт чулууны тухай хуульдаа өөрчлөлт оруулж хувь хүмүүст олборлолт явуулах эрх олгох тухай яригдаж байна. Гэвч үүнийг дэмжихээсээ дэмжихгүй нь олон байгаа бололтой.

Уг нь хуулиараа бол ашигт малтмал олборлох зөвшөөрлийг зөвхөн хуулийн этгээдэд олгодог. Хувиараа олборлох нь хууль бус аж. Гэвч сүүлийн жилүүдэд нинжа нарын тоо нэмэгдэж нэг хэсэг хүн зөвхөн ийм ажлаар амьдралаа залгуулж байгаа тул хуульд өөрчлөлт оруулах замаар тэднийг ажлын байртай нь үлдээх санаачилга гарчээ. Гэвч нэг хэсэг хүнийг бодсон энэ хуулийн уршиг их тухай ихээхэн ярих болжээ. Тэгээд ч алтны шороон ордын нөөц бараг дуусч байгаа тул үндсэн ордоос гар аргаар хүрз жоотуугаар зэвсэглэсэн хувь хүмүүс алт олборлоно, ашигласан газраа нөхөн сэргээнэ гэдэг үнэндээ үлгэр гэж үзэх хүн ч олон байгаа гэнэ.

Орост жилд олборлож байгаа алтны 50-иас илүүг нь үндсэн ордод ажилладаг компаниуд нийлүүлдэг. Шороон ордоос алт олборлоход ч амар биш. Хэдэн арван метрийн зузаан хөрс хуулж, хэдэн зуун шоо метр газар шорооны ажил хийхэд хүрдэг. Ийм нөхцөлд хувь хүмүүст хуулиар зөвшөөрч алт ухуулахад хүрвэл сайнаасаа муу үр дагавар нь давна гэж мэргэжлийн хүмүүс саналаа илэрхийлсэн байна.

Хууль бусаар ашигт малтмал олборлогчдын асуудлаар ажилладаг олон улсын байгууллага хэд хэд байдаг аж. Тэдний нэгнээс нь хүмүүс ирж Монголын байдалтай танилцаад, үр дүнгээр нь зөвлөмж бичиж өгөөд явсан гэдэг. Мөн манайд Бичил уурхайг дэмжих төсөл гэж бий. Хэдийгээр хэрэгжиж эхлээд удаагүй ч тус төслийнхөн нинжа нартай холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэвэл хувь хүнд ч, төрд ч ашигтай байх талаар янз бүрийн судалгаа хийжээ.

Yйлдвэр, худалдааны сайдын 2004 оны нэгдүгээр сард гаргасан тушаал, Баянхонгор аймгийн Иргэдийн хурлын шийдвэр мэтхэнээр аргацааж туршилтын журмаар тус аймгийн Бөмбөгөр, Шинэжинст суманд гар аргаар алт олборлогчдыг нөхөрлөл болгон зохион байгуулж, тэдэнд газар олгох эхний оролдлогыг хийж үзжээ. Энэ ажлыг тун явцуу хүрээнд хийхгүй бол болохгүй. Учир нь нинжа нар хууль бусаар алт олборлогч тул тэднийг дэмжиж тэтгэнэ гэдэг өөрөө хууль зөрчсөн үйл ажиллагаа болчих гээд зовлон ундардаг гэнэ.

Уг нь өмнөх Их хурлын үед Гар аргаар ашигт малтмал олборлох тухай гэсэн нэгэн хуулийн сураг сонсогдсон. Гайгүй хууль болчихож магадгүй хэмээн олон хүн найдаж хүлээсэн ч Байнгын хороогоор хэлэлцсэн болоод чимээ алдарсан. Бодвол санаачилсан эзэнтэйгээ хамт Их хурлын гадна хоцорсон юм байлгүй дээ.

Одоо өөр нэг хуулийн төслийн тухай ярьж эхлэв. Гэвч батлагдах эсэхийг хэн ч таашгүй. Бичил уурхайн гэх уг хуулийн төсөл дээр Р.Бадамдамдин, Д.Бат-Эрдэнэ, Г.Батхүү, Г.Занданшатар, Р.Нямсүрэн, Д.Лүндээжанцан, З.Энхболд, Ц.Сүхбаатар нарын 11 гишүүн ажилласан юм билээ. Тэдний хэн нь ч геологи уул уурхайн салбарт "А”-гүй. Харин нинжатай нэлээд танил. Учир нь тэдний олонхийнх нь сонгогдсон тойрогт хууль бусаар алт олборлогчдын бүхэл бүтэн арми бий. Дахин сонгогдохоо бодвол ийм нэг хууль санаачлахаас аргагүй байдалд орсон хүмүүс. Тийм болохоор нинжа нарыг л гомдоохооргүй хууль өлгийдчих болов уу хэмээн алтны компанийнхан ярьж байна билээ. Чухам ямар хууль болохыг хэлж мэдэхгүй ч Монголын өнөөгийн нөхцөлд бодитоор бий болчихоод, ард түмний маань нэг биш нэлээд хэсгээс бүрдэж байгаа нинжа нарт төр, засаг анхаарал хандуулахаас өөр аргагүй. Эс бол удахгүй газар булаалдсан алтны компаниуд, нинжа нарын хооронд дайн ч болж магадгүй нь.

Огноо : 2006-09-02               Нийтлэгч : Н.Сарангэрэл                            
ID Гарчиг Сонин Төрөл Сэдэв Нийтлэгч Огноо
Мэдээлэл | Дээшээ
28 Монголд хэн жаргалтай байх ёстой вэ? Өнөөдөр Нийтлэл Нийгэм, эдийн засаг Ц.Жаргал, А.Зориг 2006-09-06
14 Иракаас цэргээ яаралтай татъя Өнөөдөр Өгүүлэл Гадаад бодлого, батлан хамгаалах Д.Заяабат 2006-09-01
5 Газрын тосны салбарт дотоодын хөрөнгө оруулагч үгүйлэгдэж байна. Өнөөдөр Өгүүлэл ХАА, байгаль хамгаалал Г.Жаргал 2006-08-30
6 Yндэсний хєгжлийн цогц бодлого: ТАНЫ САНАЛ Өнөөдөр хэлэлцүүлэг Гадаад бодлого, батлан хамгаалах Н.Энхбаяр 2006-08-30
7 Гажуудалтай хуулиуд Өнөөдөр Нийтлэл Хууль эрх зүй Засгийн газрын хэрэгжvvлэгч агентлаг-Уди 2006-08-29
8 Хvн тєрєлхтєний хєгжил Монгол орон Өнөөдөр Өгүүлэл Нийгэм, эдийн засаг 2006-08-29
9 Уул уурхайн салбарынхан хилэгнэж мэдэх нь Өнөөдөр Өгүүлэл ХАА, байгаль хамгаалал Л.Мөнхбаясгалан 2006-08-29
10 Хүчгүй төр намрын хяруунд ганхах вий Өнөөдөр Нийтлэл Улс төр, сонгууль, хэвлэл мэдээлэл П.Баттулга 2006-08-26
өмнөх 1 дараах