ID : 12 Зуны амралт ба хөдөлгөөнүүд Өдрийн сонин   № ¹211 /2345/     2006-08-26
Улс төр, сонгууль, хэвлэл мэдээлэл Нийтлэл

Монголын Чөлөөт Ахмадын Холбоо (МЧАХ) энэ зун их ажил амжуулсан. Тэд өөрсдийнхөө байрыг нураалгахгүй гэж зунжин сахиж суусан.

Ахмадууд зүгээр ч байраа хараад суугаагүй, энэ хооронд Монголын ахмадын их хурлыг хуралдуулж чадсан юм. Их хурал амжилттай болж өнгөрснийг манай орны засаг захиргааны бүхий л нэгжээс төлөөлөгч ирж их хуралдаа оролцсон нь харуулна. Аливаа байгууллагын дээд эрх барих субъект нь их хурал байдаг. Тиймээс бид бүх Монголын ахмадуудыг төлөөлж чадах чадамж бүхий холбоо мөн гэж МЧАХ-ны тэргүүн Г.Баасан мэдэгдсэн. Түүгээр ч барахгүй нэрээ өөрчилж Монголын Ахмадын Холбоо гэж нэрлэв. Мөн тэмцлийн зорилтоо тодорхойлж, цаашид ахмадуудынхаа эрх ашгийн төлөө тэмцлээ эрчимжүүлэх, авлигачдыг төр, засгийн өндөрлөгөөс зайлуулах, эх орон газар шороо тусгаар тогтнолынхоо төлөө эрчимтэй, зохион байгуулалттай тэмцэх болно гэж мэдэгдэж байгаа. Тэд төр, засгийн өндөрлөгт хандан тулган шаардах бичиг хүргүүлсэн. Уг бичигт Төр барьж байгаа намууд нийгэмд гүйцэтгэх үүргээ огтхон ч биелүүлэхгүй байгааг хэлээд дарга нартай холбоотой авлигын хэргийг мартагнуулахаа больж, ахмадын нийгмийн асуудлыг эрс шийдэхийг тулгажээ. Мөн ахмадын цорын ганц байгууллагаар өөрсдийгөө хүлээн зөвшөөрөхийг Төрийн гурван өндөрлөгөөс шаардсан. Ер нь ч ахмадын албан ёсны байгууллага, үйлдвэрчний эвлэлүүдийн байгууллагуудыг ичиж нэрлэхмээр байдалд ортол үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэн.

"Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн" (ЭНИХ) харин энэ зун намжуухан байлаа. Тэд эхлээд Хөвсгөлийн нөхөн сонгуульд оролцоно гэж баахан шуугиулж байсан. Гэвч нөхөн сонгуульд оролцох болбол хуулийн дагуу зөвхөн бие даан нэр дэвшихээс өөр гарцгүй байгаа нь ч нөлөөлсөн үү тус хөдөлгөөнөөс хүн нэр дэвшсэнгүй. Гэхдээ үүнийгээ Сонгуулийн Ерөнхий Хороо зөвхөн улс төрийн нэг намаас бүрдсэн. Булхай хийх нь гарцаагүй тул хүнээ нэр дэвшүүлэхгүй гэж тайлбарласан. Уг хөдөлгөөнөөс нэр дэвшигч тодорч магадгүй гэж намууд эмээж байсан бололтой харагддаг. Yүний баталгаа нь нийгэмд уг хөдөлгөөний талаар элдэв таагүй цуу яриа нэр дэвшүүлэх үеэр дэгдэж, лидерүүд нь тойргоо булаацалдаж байна гэх зэрэг яриа гарч байснаас мэдрэгддэг. Одоо нөхөн сонгууль дээр ЭНИХ зөвхөн нэг намыг дэмжиж ажиллахаасаа илүү сонгууль явуулж байгаа СЕХ-г хянаж ажиллана хэмээн мэдэгдэж байгаа. Гэвч нам, хүчнүүд тэднийг "Ашгүй сонгууль шударга явагдахад тус болох нь" гэхээсээ илүү ИЗН-ыг дэмжиж сонгуульд оролцож байна гэж харддаг. Хардахаас ч өөр арга үгүй бололтой. Яагаад гэвэл хөдөлгөөн, нам хоёр хамтран ажиллах гэрээтэй. ИЗН-аас нөхөн сонгуульд хүн дэвшсэн гэх зэргээр шалтаг мундахгүй их байна. Хөдөлгөөний тэргүүнүүдийн нэг О.Магнай нөхөн сонгууль болох тойргоор ажиллаж байгаа бөгөөд түүнийг ИЗН-ын сурталчилгаа хийж явна гэсэн гомдол тасрахгүй ирсээр байна. Ямар ч байсан ЭНИХ нөхөн сонгуульд газар дээр нь очиж ажиллаж байна. Тэдэнд хийх ажил мундахгүй байх болов уу. Хөвсгөлийн нөхөн сонгууль, сонгуулийн хуучин хуулиар явагдаж байгаа сүүлчийн сонгууль юм. Тэнд санал худалдаж авах ямар бололцоо байдаг юм. Түүнийг тултал ашиглаж байгаа нь мэдээж.

"Эрс шинэчлэл" хөдөлгөөн саявтар бүх иргэний хөдөлгөөнийг нэгдэхийг уриалсан. Тэд үүнийхээ үндэслэлийг салангид тэмцээд амжилтад санасан хэмжээндээ хүртэл хүрч чадахгүй байна гэж үзсэн. Түрүүчээсээ хөдөлгөөнүүд нэгдэж байгаа гэхээр харагдаж байгаа ч ерөнхийдөө "Эрс шинэчлэл" хөдөлгөөнтэй холбоотой байсан хөдөлгөөнүүд тэдэнтэй нэгдсэн гэсэн яриа бий. Гэвч энэ нэгдэх үйл явц дөнгөж эхэлж байгаа тул яаран дүгнэхэд эрт байна. Өнгөрдөг зун "Эрс шинэчлэл" хөдөлгөөнийг юу ч хийсэнгүй хэмээн хэлж болохоор ч тэд өөрсдөө үүнийг зөвшөөрөхгүй байгаа. Тэд хөдөөгүүр гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай уурхайнуудаар явж хууль зөрчсөн байвал хааж лацдаж явсан гэнэ. Харин тэд нэг үнэн юм ярьж байгаа нь биднийг ард түмэн дэмжихгүй, мэдэхгүй бол бид юу ч хийгээд нэмэр байхгүй юм. Хөдөлгөөнүүд ажил зохион байгуулдаггүй юм байна. Ард түмэн дэмжиж байж л бидний хийсэн ажил, ажил болдог аж гэж хөдөлгөөний тэргүүн С.Ганбаатар ярсан. "Эрс шинэчлэл" хөдөлгөөн аливаа тэмцлийг зохион байгуулан удирдан оролцдог ч заримдаа гэнэн гэмээр үйлдэл хийх нь элбэг. Түүний нэгд хаврын тэмцлийн үеэр дэмжигчдээ замын дундаас орхиж одсон гэж ойлгогдохоор шийдэл гаргасан нь орно. Олон түмнийг дагуулах гэвэл "морь, нохой" мэт зүтгэх хэрэг энэ хөдөлгөөнийхөнд тулгарна гэдгийг ч тэд сайн мэдэж байгаа.

Даяар Монгол хөдөлгөөн ч мөн энэ зун ард түмний наадамдахыг харзанасан байдалтай байгаа бололтой. Элдэв үйл ажиллагаа зохион байгуулаагүй зуслаа. Тэд хөдөлгөөнүүд нэгдэхийг таашаахгүй байдалтай байгаа бөгөөд зорилго нь өөр болохоор нэгдэнэ гэдэг тийм ч оновчтой санаа биш гэж үзэж байна.

Огноо : 2006-08-26               Нийтлэгч : Ж.Сандагдорж                            
ID Гарчиг Сонин Төрөл Сэдэв Нийтлэгч Огноо
Мэдээлэл | Дээшээ
1 Урт хугацааны зээлээр орон сууцтай болох боломжийг Ипотекийн хууль олгоно Өдрийн сонин Өгүүлэл Нийгэм, эдийн засаг М.Баатар 2006-08-28
өмнөх 1 дараах