|
Өнгөрсөн хаврын жагсаал цуглаан Монголын төрийг бараг ганхуулсан. Ингэж дайвсан нь угаас манай төрийн хүчгүйд байгаа юм. "Алтжин”-гийн хохирогчдын хийгээд Г.Баасангийн магнайлдаг ахмадуудын өмнөөс ганхийж чадаагүй төрийг хүчтэй гээд хэлчихвэл хүн шоолно байгаа даа. Өвлөөс эхэлсэн тэмцэлд өвдөг сөгдсөн энэ цагийн төр өнөө маргаашгүй сөхрөхөд бэлэн гэж анхааруулах гээд байна л даа. Ингэж хэлэх шалтгаан олон бий. Нэгдүгээрт, ард түмэн айдастай амьдарч байна, эрүүгийн нөхцөл байдал хүндэрсэндээ биш. Засаг солигдох, УИХ тарахаас айгаад байгаа юм, үнэндээ. Засаг солигдох бүрт уршиг нь энгийн иргэдэд ирдэг учраас тэр л дээ. Төр, улс төвшин ахуйд ард түмэн төвшин амьдардаг. Өнөө мөдгүй Ерөнхий сайд М.Энхболдын хотын дарга байхдаа гарын үсэг зурж баталгаажуулан эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн эзэмшлийн талбайд олгосон газруудын "но”-г С.Ганбаатараар удирдуулсан хөдөлгөөнийхөн уудалж, эвгүйтвэл бариад эхэлсэн байшинг нь ч нурааж сандаргах гэнэ. Хэдийгээр шүүх засаглал МАХН-ын гарт байгаа ч хөдөлшгүй баримтаар нотлогдвол тэмцэгчдийг зогсооход бэрх болох вий. Хоёрдугаарт, төр төмөр нүүртэй гэж цаасан баганы цаанаас цухуйж ядах улстөрчид цээжээ дэлддэг ч эхнэр, нөхрийн хэрүүлд хүртэл ээрэгдэж хөглөх нь өдөр ирэх тутам ажиглагдах болсон. Шийдэж болохыг нь за гэж, үгүйг нь боломжгүй гэдгээ эртхэн хэлчих зориг төрийн гурван өндөрлөгийн хэнд ч алга. "Ахмад”-ын Г.Баасан шиг ордны хойд хаалганы хавьцаа цагаан хоолойгоор хэсэг "дарамталж” байгаад буцна л биз гэж бодож байгаа бол эндүүрэл шүү, эрхмүүдээ. Ганц хоёроороо "Рorter" хөлсөлж, чанга яригч ачиж жагсдаг байсан хөдөлгөөнүүд эвсэж, дуу хоолойгоо төр засагт байтугай олон улсад, тэнгэрт хүргэхээр зэхэж байна, цаана чинь. Өмнөх шаардлагуудад эхийг нь эцээж, тугалыг нь тураахааргүй хариу өгч байсансан бол ингэж цагдаагаар гурван давхар хамгаалуулж, өөр хаалгаар толгойгоо даран зугтах шаардлага гарахгүй л байв, манай дарга нарт. Гуравдугаарт, намрын ажил, өвлийн бэлтгэл гээд энэ төрд, энэ Засгийн газарт санаа зоволгүй горьгүй, хөрөнгө шийдэлгүй барахгүй ажил мундахгүй олон. Yүн дээр нэмэгдээд "чихний булаг, нүдний нуух" болсон хадгаламж, зээлийн хоршоодын хохирогчид шүдээ хүртэл "зэвсэглээд” төв талбайд төвхнөчихөөд байгаа. Угаас 100 граммын мөнгөгүй болсон архичин ч "төр буруутай" гэвэл хариу өгч чадахаа больчихсоноос хойш ингэхээс өөр яах вэ. "Дөрөвдүгээрт” гэчихвэл сүржигнэсэн болчих гээд болдоггүй нэг шалтгаан бий. Энэ цагт төрийн нэрийн өмнөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээг өөсдийнхөө амьдран буй байдалтай жишиж үзсэн жирийн иргэд "Хувьсгал” хийхэд бэлэн байгаа шүү. Сүрдүүлэг гэж бүү бодоорой гэхдээ сануулчихъя, "Их өндрөөс унасан хүн илүү өвддөг юм". Өмнө дурдсан бүхэн айдас гээч сүх барьсан зандалчин биш шүү. Тогтворгүй төрийн болчимгүй бодлогын энхэл донхолд тамирдчихаад байна, ард түмэн чинь. Төр гэгч хүчгүйд ээлтэй, бялдуучид ширүүн байж, үл гүйцэлдэх санаа сэдэж олныг үймүүлэх нэгэнд цээрлэл хүртээдэг баймаарсан. "Хэчнээн олон сайн үзэгч жүжигчин болж дуусав аа" гэж хэн нэгэн хэзээ нэгэнтээ халаглахдаа хэлсэн шиг улс төрийн зах зухаас гадарладаг болсноо улстөрч болчихлоо гэж эндүүрсэн хэдэн "жүжигчин” энэ улсаар, энэ засгаар тоглож гүйцлээ. Бурууг үйлдсэнийхээ төлөө ядаж дальдардаг түшээдтэй болох юмсан.
|